Lexus эзэмшигчдэд зориулсан ҮЙЛ АЖИЛЛАГААА
Арга хэмжээ
LEXUS ART AWARD 2026: МОНГОЛЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН УР ЧАДВАР ОЛОН УЛСЫН ТАЙЗНАА
Энэ мэдээг бусдад хуваалцаарай!
Лексус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Монголын Урлагийн Зөвлөл ТББ болон Тондо Арт Галлериатай хамтран Lexus Art Award 2026 бүтээлч төслийг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа.
Энэхүү төсөл нь Лексус брэндийн Такуми урлаачид, урлаг, дизайныг нэгтгэн, Монголын уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг дэмжихийн зэрэгцээ тэдний бүтээлийг олон улсын тавцанд таниулах шинэ боломжийг нээсэн юм.
LEXUS CREATIVE MASTERS: БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ БА УР ЧАДВАРЫН НЭГДЭЛ
Лексус брэнд нь автомашины үйлдвэрлэлээс гадна урлаг, дизайн, гар урлалын салбарт бүтээлч сэтгэлгээг дэмжиж, хүний ур чадвар, нарийн хийц, гоо зүйн үнэ цэнийг түгээн дэлгэрүүлсээр ирсэн.
Энэхүү үзэл санааны нэг илэрхийлэл нь Японы уламжлалт Такуми буюу ур чадвараа тасралтгүй төгөлдөржүүлэх философи юм. Лексус брэндийн хувьд бүтээлийн үнэ цэн нь зөвхөн эцсийн үр дүнгээр бус, түүнийг бүтээхэд шингэсэн ур чадвар, анхаарал, туршлага, нарийн ажиллагаагаар тодорхойлогддог.
Энэхүү философийн хүрээнд БНСУ-ын Тоёота Мотор Корпорацийн Лексус брэндийн зүгээс 2017 онд Lexus Creative Masters төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн. Тус төсөл нь уламжлалт гар урлалын арга барилыг орчин үеийн дизайн, инноваци, хэрэглээний шинэ шийдэлтэй хослуулж буй уран бүтээлчдийг дэмжих зорилготой.
Жил бүр зохион байгуулагддаг Lexus Creative Masters Award тэмцээн нь гар урлал, дизайны салбарын шилдэг бүтээлчдийг тодруулж, тэдний ур чадвар, бүтээлийг олон нийтэд таниулахын зэрэгцээ шинэ боломж, хамтын ажиллагааг бий болгодог онцлогтой.
LEXUS ART AWARD 2026: “ӨӨРИЙН ОРОН ЗАЙГАА НЭЭ”
Лексус брэндийн бүтээлч философийг Монгол Улсад түгээн дэлгэрүүлэх, дотоодын уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг дэмжих зорилгоор Тоёота Сэйлс Монголиа ХХК нь Монголын Урлагийн Зөвлөл ТББ болон Тондо Арт Галлериатай хамтран Lexus Art Award 2026 тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
“Discover Your Space” буюу “Өөрийн орон зайгаа нээ” сэдвийн хүрээнд уран бүтээлчид орон зайг зөвхөн биет орчин бус, хүний дотоод ертөнц, дурсамж, мэдрэмж, төсөөлөл, амьдралын туршлагаар дамжуулан өөр өөрийн өнцгөөс илэрхийлсэн юм.
Ирүүлсэн бүтээлүүдээс шүүгчдийн үнэлгээгээр шилдэг есөн бүтээл финалд шалгарч, 2026 оны 9 сарын 18–24-ний өдрүүдэд Тондо Арт Галлериад олон нийтэд зориулсан тусгай үзэсгэлэнгээр толилуулагдлаа.
9 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолоор Grand Winner болон гурван тусгай шагналын эзэд тодорсон бөгөөд Grand Winner шагналын эзэн БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Seoul Living Design Fair” олон улсын үзэсгэлэнд өөрийн уран бүтээлээ толилуулах эрхээр шагнагдсан юм.
ШИЛДЭГ УРАН БҮТЭЭЛЧИД: ОРОН ЗАЙГ МЭДРЭХ ДӨРВӨН ӨӨР ЕРТӨНЦ
GRAND WINNER — БАЗАРСАДЫН БОЛОРМАА
“Оршихуйн тэнхлэг” (Axis of Existence)
Ширхэгт урлал / Утсан урлал
Уран бүтээлч Б.Болормаа “Оршихуйн тэнхлэг” бүтээлээрээ хүн, байгаль, ертөнцийн харилцан шүтэлцээ, оршихуйн дотоод энерги болон хувьсан өөрчлөгдөх үйл явцыг дүрслэн харуулжээ.
Олон хэмжээст өнгө, дүрс, утсан бүтцийн давхаргууд нь амьдралын эхлэл, өсөлт, дахин төрөх мөчлөгийг илэрхийлэхийн зэрэгцээ орон зайн тасралтгүй хөдөлгөөн, энергийн урсгалыг мэдрүүлнэ. Бодит болон хийсвэр ертөнцийн заагийг холбосон энэхүү бүтээл нь үзэгч бүрд өөрийн дотоод мэдрэмжээр орон зайг нээн таних боломжийг олгодог.
Б.Болормаа уран бүтээлч, уран бүтээлээрээ дамжуулан хүн, байгаль, технологийн харилцан холбоог шинэ өнцгөөс тайлбарлахыг зорьдог. Түүний бүтээлд өнгө, материал, нарийн хийц бүр нэгдэн нэгэн цогц орон зайг бүрдүүлсэн нь Лексус брэндийн эрхэмлэдэг бүтээлч сэтгэлгээ, ур чадвар, инновацийн үнэ цэнийг илэрхийлжээ.
Лексус брэндийн хувьд аливаа бүтээлийн жижиг деталь бүр утга учиртай байдаг. Энэхүү үзэл санааны нэгэн адил “Оршихуйн тэнхлэг” бүтээл нь материалын онцлог, гар ажиллагаа, бүтээлч эрэл хайгуулаар дамжуулан орон зайг шинэ өнцгөөс мэдрэх боломжийг нээж өгчээ.
ТУСГАЙ ШАГНАЛ — ХОСБАЯРЫН АНХБАЯР
“Оршихуй” (Existence)
Дизайн объект ба хэрэглээний урлаг
Уран бүтээлч Х.Анхбаярын “Оршихуй” бүтээлийн санаа нь харанхуй орчинд гэрэл хүний эргэн тойрны орон зайг хэрхэн нээж өгдөг тухай ажиглалтаас эхэлжээ.
Хүний биеийн бүтцээс санаа авсан энэхүү интерактив гэрлийн объект нь суурь хэсгээрээ бие, шилэн хэсгээрээ толгой, гэрлийн эх үүсвэрээрээ нүдийг бэлгэддэг. Бүтээлийн метал биед байрлах “зүрх” хэсэгт хүн хүрэхэд гэрэлтэлт нэмэгдэж, гараа авахад эргэн зөөлөрдөг бөгөөд хүн ба объектын харилцан үйлчлэлээр орон зай аажмаар нээгдэж буй мэдрэмжийг төрүүлнэ.
Нерж төмөр, шил, гэрлийг хослуулсан материалын шийдэл нь Лексус автомашины цэвэр, боловсронгуй дизайн, нарийн хийцээс санаа авчээ. Металлын бат бөх бүтэц, шилний тунгалаг чанар, гэрлийн хөдөлгөөнийг нэгтгэснээр технологи болон гоо зүйн тэнцвэрийг бий болгосон байна.
Лексус брэндийн дизайны философийн төвд хүн, түүний мэдрэмж, туршлага оршдог. Энэхүү бүтээл нь хүний оролцоонд хариу үйлдэл үзүүлж, гэрлээр дамжуулан орон зайг өөрчилж буйгаараа бидний эрхэмлэдэг хүнийг төвд тавьсан дизайн, инноваци, мэдрэмжтэй туршлагын үнэ цэнийг илэрхийлжээ.
ТУСГАЙ ШАГНАЛ — ПҮРЭВДОРЖИЙН МӨНХБОЛД
“Хоног (Дурсамж, Мөрөөдөл)” (A Day — Memory, Dream)
Инсталляц урлаг
Уран бүтээлч П.Мөнхболд “Хоног (Дурсамж, Мөрөөдөл)” бүтээлээрээ орон зайг хүний дурсамж, төсөөлөл, дотоод ертөнцөө дахин нээх эрх чөлөө хэмээн тайлбарлажээ.
Тэрээр Лексус брэндийн Такуми гар урлалын философиос санаа авч, 4,200 гаруй ширхэг шилийг гараар нарийн зүсэж, Тиффани аргаар гагнан бүтээлээ туурвисан байна.
Энэхүү инсталляц нь нийт 17 өөр сэдвийг илэрхийлэх хоёр гэрэлт модноос бүрдэнэ. “Дурсамж” мод нь хүний өнгөрсөн амьдрал, хүүхэд насны дурсамжийг, харин “Мөрөөдөл” мод нь ирээдүйн хүсэл тэмүүлэл, төсөөллийн ертөнцийг илэрхийлдэг.
Шилэнд ойж, хугарах гэрлийн хөдөлгөөн болон ухаалаг RGB гэрэлтүүлгийн технологийг хослуулснаар үзэгчийг өдөр тутмын амьдралаас түр хөндийрүүлж, өөрийн дотоод ертөнц, дурсамж, мөрөөдөлтэй эргэн холбогдох орон зайг бүтээжээ.
Такуми философийн гол утга нь ур чадвар, тэвчээр, нарийн ажиллагаагаар дамжуулан төгс төгөлдөрт тэмүүлэхэд оршдог. 4,200 гаруй шилэн хэсгийг нэг бүрчлэн боловсруулж, нэгдмэл бүтээл болгон урласан энэхүү үйл явц нь Лексус брэндийн эрхэмлэдэг гар урлалын үнэ цэнийг тодотгожээ.
Мөн уламжлалт гар урлалыг орчин үеийн гэрэлтүүлгийн технологитой хослуулсан нь Лексус брэндийн уламжлал болон инновацийг нэгтгэх бүтээлч хандлагыг илэрхийлэн харуулжээ.
ТУСГАЙ ШАГНАЛ — ЧИМЭД-ОЧИРЫН ЗОЛЖАРГАЛ
“Гүмүда — Тэнгэрийн/Сарны цэцэг” (Gümüda — Flower of the Heavenly Realm)
Керамик урлаг
Уран бүтээлч Ч.Золжаргалын “Гүмүда — Тэнгэрийн/Сарны цэцэг” бүтээл нь хүний амьдралын дахин давтагдашгүй үнэ цэн, дотоод амар амгалан, оюун санааны орон зайг илэрхийлжээ.
Хүмүүний ертөнцөд сайн мөртэй хүн мэндлэхэд тэнгэрийн оронд нэгэн Гүмүда цэцэг дэлгэрдэг гэх домгоос санаа авсан энэхүү бүтээл нь хүн бүрийн амьдрал, туулсан замнал өөрийн гэсэн гоо сайхан, үнэ цэнтэй болохыг өгүүлдэг.
Уран бүтээлч нь тус бүтээл бүрийнхээ шаврыг өөрөө боловсруулдаг бөгөөд энэ удаад шаазангийн шавар, дахин боловсруулсан цаас, ясны үнсийг хослуулан өвөрмөц бүтэц, гэрэл нэвтрүүлэх шинж чанарыг бий болгожээ. Мөн цаас мэт нарийн мэдрэмжийг хадгалахын тулд гадаргуугийн ихэнх хэсгийг пааландаагүй үлдээж, аргалын паалан болон 24 каратын алтан пааланг хэсэгчлэн ашигласан байна.
Лексус брэнд нь материал бүрийн онцлогийг танин мэдэж, түүний боломжийг нарийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээр дамжуулан шинэ түвшинд хүргэхийг эрхэмлэдэг.
Энэхүү бүтээлд уламжлалт керамик урлалын арга барил, материалын шинэлэг хэрэглээ, нарийн боловсруулалтыг хослуулсан нь бидний эрхэмлэдэг Такуми ур чадвар, бүтээлийн деталь бүрд анхаарах хандлагыг илэрхийлжээ. Үүний зэрэгцээ хүний дотоод амар амгалан, гоо зүйн мэдрэмжийг бүтээлээр дамжуулан хүргэж буй нь Лексус брэндийн мэдрэмж, туршлагыг эрхэмлэх философитой нийцжээ.
БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ШИНЭ ОРОН ЗАЙГ НЭЭХ НЬ
“Lexus Art Award 2026”-ийн шилдэг бүтээлүүд нь “Өөрийн орон зайгаа нээ” сэдвийг дөрвөн өөр өнцгөөс илэрхийллээ.
Б.Болормаа уран бүтээлч орон зайг оршихуйн энерги, хөдөлгөөнөөр, Х.Анхбаяр уран бүтээлч гэрэл болон хүний харилцан үйлчлэлээр, П.Мөнхболд уран бүтээлч дурсамж, мөрөөдлийн ертөнцөөр, Ч.Золжаргал уран бүтээлч хүний дотоод амар амгалан, амьдралын үнэ цэнээр дамжуулан бүтээлээ туурвижээ.
Бүтээл бүр өөрийн гэсэн материал, арга барил, үзэл санаатай хэдий ч тэдгээрийг нэгтгэж буй нийтлэг үнэ цэн нь нарийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, инновац болон хүний мэдрэмжийг эрхэмлэх хандлага юм.
Лексус брэндийн хувьд урлаг, дизайнтай хамтран ажиллах нь брэндийн философийг автомашинаас гадна хүний амьдралын олон талбарт илэрхийлэх, шинэ үеийн бүтээлч авьяасыг дэмжих боломж билээ.
“Lexus Art Award 2026” нь Монголын уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулаад зогсохгүй, шилдэг бүтээлийг БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах “Seoul Living Design Fair” олон улсын үзэсгэлэнд толилуулах боломжийг нээснээрээ олон улсын бүтээлч хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавилаа.
"ТА LEXUS-ЭЭС ЗОХИОН БАЙГУУЛАХ ДАРАА ДАРААГИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЙ БОЛ ДАРААХ ХҮСЭЛТИЙГ БӨГЛӨНӨ ҮҮ."